“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭДТЭЙ МАЛЧИН ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН БИЧИГ ҮСГИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЗАМААР ХҮҮХДИЙНХЭЭ СУРЧ ХӨГЖИХ БОЛОН САЙН САЙХАН БАЙДЛЫГ ДЭМЖИХ ЧАДАВХЫГ САЙЖРУУЛАХ НЬ” HELP ТӨСӨЛ (2022-2023 он)

Монгол улсад 2020 оны байдлаар бичиг үсэггүй 25,000 насанд хүрэгчид байгаагийн дийлэнх нь хөдөө орон нутагт байгаа ажээ. Хүүхдийг Ивээх Сангийн бусад төслийн хэрэгжилтийн явцад малчин эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсролыг дэмжих, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулах талаар ойлголт мэдлэг дутмаг байгаа нь түгээмэл ажиглагдсан юм.

Тиймээс Хүүхдийг Ивээх Сан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй малчин эцэг эхчүүдийн бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэх замаар хүүхдийнхээ сурч хөгжих болон сайн сайхан байдлыг дэмжих чадавхыг сайжруулах нь” төслийг санхүүжүүлэн хэрэгжүүлж байна.

Энэхүү төслөөр хөдөө орон нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй малчин эцэг эх, асран хамгаалагчдын бичиг үсгийн түвшнийг тогтоож, хүүхдийнхээ боловсрол, сайн сайхан байдлыг дэмжихэд нь тохиолдож буй саад бэрхшээлийг тодорхойлж, улмаар хэрэгцээнд нь суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулан зайн болон танхимын, явуулын сургалтуудаар дамжуулан мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэх юм. 

Төслийн зорилго

Зорилтот орон нутаг дах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурах, хамгаалуулах эрхээ эдлэхэд эцэг эх, асран хамгаалагчдынхаа зүгээс шаардлагатай тусламж дэмжлэгийг авч чаддаг болсон байна. 

Төслийн зорилт

Орон нутгийн удирдах байгууллага болон Насан туршийн боловсролын төв хосолсон сургалтын загварыг хөгжүүлэн малчин эцэг эхчүүдийн бичиг үсгийн чадварыг сайжруулж, хүүхдэдээ анхаарал тавьж, тусалж дэмжих хандлагыг төлөвшүүлж, улмаар энэхүү загвар, арга зүйгээ бусад сум орон нутагт түгээн дэлгэрүүлэх 

Төслийн зорилтот бүлэг

  • Өвөрхангай аймгийн Арвайхээр, Уянга, Хархорин сумдын 60 малчин эцэг эх, Хөгжлийн бэрхшээлтэй 60 хүүхэд
  • Насан туршийн боловсролын 15 багш
  • Зорилтот орон нутгийн төрийн байгууллагын 34 албан хаагч
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын 4 гишүүн

Төслийг хамтран хэрэгжүүлэгч:

  • Өвөрхангай аймгийн Насан туршийн Боловсролын төв
  • Ховд аймгийн Насан туршийн Боловсролын төв