Хүүхдийг Ивээх Сан 2021 оноос гурван жилийн хугацаатай "Монгол Улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-2" төслийг Япон Улсын Гадаад Хэргийн Яамны санхүүжилтээр хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд тэгш хамруулах боловсролын талаар эцэг эх, олон нийт, сургуулийн ажилтнуудын мэдлэг, ойлголтыг сайжруулах, тэгш хамруулах соёлыг сурталчлах зорилго бүхий нөлөөлөл, мэдээллийн кампанит ажлыг 2022 оны хоёрдугаар сард олон нийтийн цахим сүлжээнд түшиглэн зохион байгууллаа.
“Хамтдаа” хэмээх энэхүү аяны хүрээнд төслийн үр шим хүртэгчдийн амжилтын түүх (5), постер зургууд (3), видео бүтээлүүдийг (4) боловсруулж, зорилтот бүлгийн үзэгчдэд түгээсэн юм. Давтагдсан тоогоор нийт 2.9 сая хүн тэгш хамруулах боловсролыг сурталчилсан төрөл бүрийн контентийг үзэж сонирхжээ. Энэхүү аяны үр дүнд зорилтот бүлгийн үзэгчдийн тэгш хамруулах боловсролын талаарх мэдлэг ойлголт, хандлага, дадал сайжирсан болох нь кампанит ажлын өмнөх болон дараах харьцуулсан судалгааны үр дүнгээс харагдаж байна.