Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Сургалт, судалгаа мэдээллийн төвийн захирал Г.Ариунчимэг “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар энэ хөтөлбөрийг Хүүхдийг Ивээх Сангаас 2023 онд үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхээр хүлээн авч, төрөөс анхныхаа чиглүүлэгч багш бэлтгэх сургалтыг Дорнод аймагт явууллаа. Оролцогчдоо ач холбогдол өгч, шалгуур тавьж сонгосон байгаа. Нэг аймгаас Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хоёр, Боловсролын газраас 2, нийт 4 хүн сонгосон” хэмээн ярилаа.
Энэхүү сургалт эцэг, эх, асран хамгаалагчдад хүүхдийн эсрэг бие махбодын болон сэтгэл санааны шийтгэлийг орлох үр дүнтэй аргыг таниулах, хүүхдийн эрхийн тухай эцэг эхчүүдийн мэдлэг ойлголтыг энгийн аргаар нэмэгдүүлэх, эцэг, эх, асран хамгаалагч хүүхдүүдийн хооронд үүсдэг зөрчил, маргааныг шийдвэрлэх тодорхой бөгөөд эерэг арга замуудыг санал болгох зорилготой байдаг.
Сургалтад оролцсон Дорноговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хүүхдийн эрхийн улсын байцаагч Б.Энхтуяа “Энэ сургалт эцэг эхчүүдэд өдөр тутам хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх дадал хэвшлийг олгох зорилготой. Миний хувьд өмнөх мэдлэгээ бататгаж, олон шинэ зүйлийг сурч, хамгийн гол нь эцэг эхчүүдэд сургалтаа хүргэх арга зүйг олж авлаа” гэж хэллээ.
“Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга”-ын сургалт нийт найман 7 хоног үргэлжилдэг бөгөөд 7 хоногт нэг удаа 2 цагаар явагддаг.