“Олон Нийтийн Оролцоот Сургууль” нь чанарын арван стандартын дагуу сургуулийн бүхий л үйл ажиллагааг өөрийн болон хөндлөнгийн үнэлгээний хэрэгслээр дамжуулан, олон талын оролцоотойгоор үнэлж, эцэг эх, иргэд, олон нийтийн идэвхжсэн сайн дурын бүлгүүд байгуулагдан хяналт шинжилгээ хийж, бүтээлч оролцоог хөгжүүлэх замаар тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх “загвар”-ыг боловсруулан, сургууль, сум, аймаг, үндэсний хэмжээнд эрх зүйн баримт бичгээр баталгаажуулан, цаашид тогтвортой хэрэгжүүлэх механизмыг бүрдүүлэхдээ тухайн орон нутгийн төр, ТББ, бизнесийн байгууллагууд хамтран ажиллах зорилготой хөтөлбөр юм.
Бид “Олон Нийтийн Оролцоот Сургууль" төслийг хэрэгжүүлэхдээ аль нэг байгууллага дангаараа гардан хэрэгжүүлж ажиллахаас илүүтэйгээр орон нутгийн ТББ-уудыг чадавхижуулан, татан оролцуулж, төрийн байгууллагуудтайгаа хамтран ажиллах шинэлэг аргачлал, итгэлцлэлийг бий болгох нь төслийн бас нэг зорилго юм. Иймээс бид Говь-Алтай аймгийн 10 гаруй төр, төрийн бус байгууллагуудтай хамтран нэг баг болон ажиллаж эхлээд байна. Төслийг орон нутагтаа Алтай Швейцар Сан ТББ хариуцан, шаардлагатай зохицуулалтыг хийж байгаа бөгөөд аймгийн ЗДТГ, ИТХ, Нийгмийн Бодлогын Хэлтэс, БСУГ, Насан туршийн боловсролын төв, Ахмад багш нарын холбоо, Сургалтын менежерүүдийн холбоо, Залуу багш нарын холбоо, Миний нутаг ТВ, Алтай мэдээ сонин, Олон нийтийн Алтай радио ТВ, Гал голомт ТББ, Дэлгэр сэтгэл ТББ, Тогооч нарын мэргэжлийн холбоо, Мэргэшсэн нягтлан бодогчдын холбоо зэрэг олон байгууллага, хувь хүмүүсийн ажлын нөр их туршлага, мэдлэг, чадварыг бид чухал нөөц, үнэт зүйлсээ хэмээн үзэж хамтран ажиллаж байна.
Төслийн хүрээнд “Олон нийтийн оролцоот сургууль” болон хамтран ажиллахаар Алтай, Цээл, Цогт, Халиун сумдын сургуулиуд тулгамдсан асуудлаа тодруулан, эцэг эх, олон нийтийн оролцоотойгоор хэрэгжүүлэх “загвар”-аа боловсруулан ажиллаж эхлээд байна.
Төслийг хэрэгжүүлэх явцад бид дараах үйл ажиллагааг зохион байгуулаад байна. Үүнд:
- Төслийг хэрэгжүүлэх төр, ТББ-ын төлөөлөл бүхий орон нутгийн бодлого, хэрэгжилт, хяналт, хэвлэл мэдээллийн багууд зохион байгуулалтад орон хамтран ажиллаж байна.
- Олон нийтийн оролцоот сургуулийн агуулга, арга зүй, үнэлгээний хэрэглэгдэхүүнийг ашиглах мэдлэг, чадвар бүхий орон нутгийн 20 хүнийг бэлтгэж байна.
- Төслийн сургуулиуд сургуулийнхаа засаглал, бүтээлч оролцоо, чанартай үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг тодруулахдаа олон нийтийн оролцоот сургуулийн чанарын 10 стандарт, 44 үзүүлэлт, 194 шалгуур асуултуудын дагуу олон талын оролцоотой үнэлгээ хийсэн.
- Энэхүү үнэлгээний үйл ажиллагаанд дөрвөн сумын сургуулийн 110 орчим багш, 260 гаруй эцэг эх, 150 гаруй сурагч, 100 орчим иргэд, олон нийт, аж ахуйн нэгж байгууллагууд оролцсон байна.
- Олон Нийтийн оролцоот сургуулийн шинэлэг 4 загварыг боловсруулж эхлээд байгаа бөгөөд энэхүү үйл ажиллагаанд 20 гаруй орон нутгийн түнш байгууллагууд хамтран ажиллаж байна.
- Сургуулиуд дээр эцэг эх, иргэд, олон нийтийн сайн дурын чадавхижсан 10 орчим бүлгүүдэд 80 гаруй гишүүнтэйгээр байгуулагдан үйл ажиллагаагаа эхлээд байна.
- Эцэг эх, олон нийт, иргэдийн зүгээс сургуулийн өдөр тутмын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт хийх 10 гаруй хяналтын хуудас боловсруулсан байна.
- Сургууль, багш, сурагчдын хөгжил, аюулгүй, аятай таатай сургалтын орчныг дэмжих зорилгоор эцэг эх, түнш байгууллагуудын зүгээс сургуулиудад ойролцоогоор 21.885.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээд байна.
- Сургууль төгсөх, ЭЕШ-д сурагчдыг бэлтгэхдээ эцэг эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх эхний санаачилга, үйл ажиллагааг сургуулиуд эхлүүлсний үр дүнд аймгийн хэмжээнд 800 оноо авсан нэг сурагч болон дараагийн 5 байрт орсон сурагчид манай Халиун сумын сургуулиас гарсан байлаа. Энэхүү амжилтанд хүргэхэд “Манлайлагч Ээжүүд” сайн дурын бүлгийнхэн ихээхэн дэмжлэг үзүүлсэн байна.
- Олон нийтийн оролцоот сургуулийн үнэт зүйлсийн нэг нь тухайн хувь хүмүүсийн зан чанар, хандлагад гарч буй эерэг өөрчлөлт, сэтгэл хангалуун, тэгш байдлаар үйл ажиллагаанд оролцох явдал гэж үздэг билээ. Ингээд хувь хүмүүсийн санаачилга, идэвхи зүтгэлээр бий болж буй олон үйл ажиллагаанаас хоёрыг жишээ болгон танилцуулж байна.
Говь Алтай аймгийн Халиун сумын Гүү баригч багийн иргэн Д.Амаржаргал:
Би олон нийтийн оролцоот сургуулийн багт ажиллаж байгаадаа маш их баярлаж явдаг. Учир нь энэ төсөл хүүхдүүдийн сурлагыг ахиулах, чанартай суралцахад нь шууд нөлөөлдөг. Хүүхдэд ээлтэй төсөл гэж боддог. Анх манай сургуулийн баг зуны сургалтанд явж ирсэний дараа эцэг эхчүүд өөрсдөө санаачлаад улсын шалгалтанд бэлтгэж байгаа хүүхдүүддээ өдрийн хоол хийж өгөхөөр болсон юм. Энэ тухай саналаа сургуулийн захиргаанд хэлэхэд биднийг дэмжсэн. Ингээд манай технологийн Б.Өнөржав багш бидэнд эрүүл, амин дэмтэй хоол хийх талаар зааж өгсөн. Хүүхдүүд өглөө 7 цагт сургууль руугаа яваад өдөржин шалгалтын бэлтгэлтэй байдаг. Багш нар ч мөн ялгаагүй хүүхэд бүртэй тулж ажиллаж, тэднийхээ сурлагын амжилтыг дээшлүүлэхийн төлөө цаг наргүй л ажиллаж байгаа харагддаг. Яг энэ үед нь л эцэг эх бид тус дэм болъё гэж бодсон юм. Эхний үед хүүхдүүд маань тийм ч дуртай байгаагүй. “Яах гэж ирж байгаа юм бэ, хоол хэрэггүй ээ” гэх ч тохиолдол байсан. Харин эцэг эхчүүд байнга сургууль дээр ирээд тэдэнд туслаад хоол, цайгаар үйлчлээд явахаар хүүхдүүд, багш нар ч сүүлдээ биднийг инээмсэглэн угтдаг болсон. Бид нэгэнт л хичээлийг нь зааж чадахгүйгээс хойш чадах зүйл, боломжоор л хангая гэж бодсон. Миний охины ангийн 10 гаруй хүүхдүүд элсэлтийн ерөнхий шалгалт өгсөнөөс охин минь 800 оноо авч Төрөлх Алтай ТББ-аас нэг сая төгрөгийн дэмжлэг авсан, аймагтаа дараагийн таван байранд шалгарсан сурагчдад сар бүр 50.000 төгрөгний дэмжлэг үзүүлж байгаа. Ийм боломж дэмжлэг үзүүлсэнд маш их баярлаж байна.
Эцэг эх бид өөрсдийнхөө санаачилсан энэ ажилд урам зориг орж энэ хичээлийн жилээс эхлээд өөрсдөө эрүүл, амин дэмтэй, эко бүтээгдэхүүн хийж сурах нь зүйтэй юм гэж үзсэн.Энэ талаар технологийн Б.Өнөржав багшид хэлж хамтран ажиллахаар болоод байгаа. Хамгийн эхний сургалт саяхан боллоо. Энэ сургалтаар 10 гаруй ээжид хүнсний ногоогоор хоол, төрөл бүрийн зууш, салат, жүүс, ундаа хийх сургалтыг Өнөржав багш заасан. Ээжүүд их сонирхолтой, дуртай оролцсон. Олон нийтийн оролцоот сургууль болсоноор хүн бүрт сурах, хөгжих боломжийг олгодог юм байна гэдгийг ойлгосон.
Говь Алтай аймгийн Халиун сумын Мотоциколтой багш Б.Энх-Үйлс:
Манай сургуулийн дотуур байранд амьдардаг сурагчдын эцэг эхчүүд сумын төвөөс нэлээд хол мал маллаж амьдардаг. Тэр бүр сургууль дээр ирж багш нартай уулзах, эцэг эхийн хурал, цуглаан, өдөрлөг зэрэгт ирж оролцох боломж, бололцоо тааруу байдаг. Нөгөө талаар хэдий сургуульд ойрхон сумандаа амьдардаг ч гэсэн хүүхэддээ хангалттай анхаарал халамж тавих талаар тэр бүр санаачилга гаргаддаггүй, багш нартай уулздаггүй эцэг эхчүүд ч байдаг. Тиймээс бид олон нийтийн оролцоот сургуулийн аргачлалын дагуу явуулын эцэг эхийн уулзалт буюу “Өрх айл-Мотоциколтой багш” үйл ажиллагааг эхлүүлээд байна. Эцэг эхийг сургууль дээр дуудаж уулзахаас гадна очиж үйлчилгээ үзүүлдэг, хүүхдийнх нь талаар мэдээлэл хүргэдэг, зөвлөж, дэмжин тусалдаг “Өрх айл-Мотоциколтой багш” гэсэн үйл ажиллагааг нь аль ч сургууль дээр хэрэгжүүлж болох, хямд төсөр, хүндээ хүрсэн үйлчилгээ гэж үзэж байна. Энэ ажил маань нэээд шинэлэг, бид өмнө нь ингэж ажиллаж байсан туршлага бага, эцэг эхийн хурал, цуглаан гэхээр сургууль дээр л дуудна гэсэн ганцхан л арга, хандлагатай байсан. Энэхүү арга барилаа өөрчлөн шинэчлэх нэг алхам гэж бодож байна. Нөгөө талаар эцэг эх, өрх айлуудын хувьд ч бидний энэ үйл ажиллагааг талархалтай хүлээн авах боловсролын үйлчилгээ гэж бодож байна. “Өрх айл-Мотоциколтой багш” үйл ажиллагааны үр дүнд эцэг эхчүүд ч гэсэн дараа дараагийн удаадаа өөрсдөө санаачилга гаргаж, идэвхи оролцоо нь сайжран сургууль, багш нартайгаа илүү ойр хамтран ажиллана гэсэн итгэлтэй байна.