- Хүүхдийг Ивээх Сангийн Олон улсын эвсэлээс хийсэн судалгааны үр дүнгээс танилцуулж болох уу?
- Энэ судалгаагаар Ковид-19-өөс болж өрхийн 77% нь орлогоо алдаж, 96% нь суурь өргөн хэрэглээний бараа, үйлчилгээ авахад санхүүгийн, 81% нь хүнсний хэрэгцээгээ хангахад бэрхшээлтэй тулгарсан. Боловсролын тухайд 10 хүүхэд тутмын 8-аас илүү нь бага юм сурч байгаа, эсвэл юу ч сурахгүй байгаа гэж үзсэн. Эцэг эх, асран хамгаалагчдын 2/3 нь сургууль хаагдсанаас хойш хүүхдийнх нь багш хүүхэдтэй нь холбоо бариагүй гэсэн.Хүүхдийн хоол тэжээлийн хувьд эцэг эх, асран хамгаалагчдын бараг 2/3 нь (62%) цар тахлын үеэр гэр бүлээ мах, сүүн бүтээгдэхүүн, үр тариа, жимс, ногоогоор хангахад бэрх байсан гэжээ. Гол шалтгаан нь эдгээрийн үнэ байв. Судалгаанд оролцогчдын талаас илүү нь (52%) хүнсний бүтээгдэхүүн хэтэрхий үнэтэй байсан гэжээ. Эрүүл мэндийн хувьд эцэг эх, асран хамгаалагчдын 89% нь эрүүл мэндийн үйлчилгээ, эм, эмнэлгийн бүтээгдэхүүний хүртээмж буурсан гэсэн бол энэ тоо дор хаяж 1 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийн хувьд 96% байна. Хүүхэд хамгааллын хүрээнд нийт өрхийн 1/3 (32%)-д бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийлэл гарсан гэж үзсэн хүүхэд юм уу асран хамгаалагч байсан. Хүүхдүүд сургууль хаагдсанаар хүчирхийлэлд илүү их өртсөн гэсэн бөгөөд сургуульд явдаг байх үеийн 8% нь 17% болсон. Мөн 10 хүүхэд тутмын 8-аас илүү нь (83%) сөрөг мэдрэмж нь нэмэгдсэн гэсэн байв. Эцэг эх, асран хамгаалагчдын тал шахам нь (46%) хүүхдүүд сэтгэл зүйн хувьд зовуурьтай байгаа шинж ажиглагдсан гэжээ. Хүүхдийн эрхийн талаас судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн хагас нь (51%) найз, нөхөдтэйгөө харилцахгүй, талаас илүү нь (58%) гэрийнхэндээ цар тахлын талаарх санал бодлоо илэрхийлж чадна гэсэн. 5 хүүхэд тутмын 1 нь (20%) эцэг эх, асран хамгаалагчтайгаа хамтарч шийдвэр гаргасан гэсэн. Цар тахал хамгийн хүндээр туссан хүүхдүүд нь охид, өөрсдөө хөгжлийн бэрхшээлтэй, эсвэл асран хамгаалагч нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, ядуу хүүхдүүд байсан. Цагаач, дотоодын дүрвэгчийн статустай хүнтэй өрхөд сургууль завсардалт, хүчирхийлэл, орлогоо алдах эрсдэл илүү их байв. Эдгээр судалгаагаар цар тахлын үр нөлөө өрхийн амьжиргаа, орлогын эх үүсвэр, үүнээс хамаараад хүнсний аюулгүй байдал, хүүхдүүдийн хоол тэжээлийн дутагдал, мөн боловсрол болон суралцахуй, хүүхэд хамгааллын салбарт буюу хүүхдийн эсрэг хүчирхийлэл нэмэгдэхэд хамгийн их нөлөөлсөн байна.
- Судалгаанаас ямар зөвлөмжүүд гаргасан бэ. Бодит болгох ямар ажлууд байна вэ?
- Гол зөвлөмжүүд нь эцэг эх, асран хамгаалагчдад хүүхэдтэйгээ эерэгээр харилцах, гэр бүлдээ халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, стрессдэхгүйгээр нөхцөл байдлыг даван туулахад нь туслах зөвлөгөө, мэдээлэл, сургалтыг тогтмол явуулах, хүүхдийн насны онцлогт тохирсон зөвлөгөө бэлдэх, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхэд хамгааллын зөвлөгөө мэдээллийг эцэг, эхчүүдэд тогтмол хүргэх, хүүхэд хамгааллын үйлчилгээ хэвийн үргэлжилэхэд аргазүйн болон материаллаг дэмжлэг үзүүлэх, боловсролын хувьд сургууль эргэн нээгдэхэд хүүхдийн ачааллыг багасгах, бага насны хүүхдийг сургуулийн өмнөх боловсрол болон асран хамгаалагчид нь харж асрах нь чухал болохыг эцэг, эхчүүдэд ойлгуулах, теле хичээлээ тогтмол үзэж судлах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжих, багш, эцэг, эх хамтран хүүхэд бие даан суралцахад аргазүйн дэмжлэг өгөх, мөн хичээл эхлэхтэй холбоотой сургууль, эцэг эх, хүүхдүүдэд сургалтын хэрэгслийн болон мөнгөн тусламж үзүүлэх гэсэн байна. Өрхийн амьжиргааг хамгаалах, хоол хүнсний хэрэгцээг хангах чиглэлээр зорилтот бүлэгт мөнгөн болон хүнсний тусламж хүргэх, өрхийн амьжиргааг сэргээх чиглэлээр бичил санхүүжилт олгох, өрхийн бизнес эрхэлдэг бол хэрэгцээт тоног төхөөрөмжөөр хангах, хөнгөлөлтттэй зээлийн үйлчилгээнд холбох зэрэг ажлуудыг урт, богино хугацаанд хэрэгжүүлэх, мэргэшүүлэх, чававхжуулах сургалтуудад хамруулах гэсэн гол зөвлөмжүүд гарсан. Хүүхдийг Ивээх Сан цар тахлын үр нөлөөг бууруулах зорилгоор нэмэлт санхүүжилтийг бий болгох болон өөрийн нөөц боломжинд тулгуурлан боломжит үйл ажиллагааг хийж хэрэгжүүлж байна. Мөн одоогийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд цар тахлын эсрэг хэрэгжүүлж болох үйл ажиллагааг төлөвлөн, доноруудтайгаа ярилцаж зөвшилцөсний үндсэн дээр хүүхэд хамгаалал, боловсрол, болон хүмүүнлэгийн хөтөлбөрүүдийн хүрээнд тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байна.