Хүүхдийг Ивээх Сан “Боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхэдтэй малчин эцэг эхийн бичиг үсгийн боловсролыг сайжруулах нь“ төслийг 2021 оны 6 дугаар сараас эхлэн Өвөрхангай аймагт эхлүүлсэн билээ. Есөн сарын турш хэрэгжих энэхүү төслийг Австрали улсын сайн дурынхны хөтөлбөрөөс санхүүжүүлж, тус аймгийн Арвайхээр, Хархорин болон Уянга сумдын Насан Туршийн боловсролын нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлж байгаа юм.
2021 оны 11 дүгээр сарын 4-нд Хүүхдийг Ивээх Сан Өвөрхангай аймгийн Насан Туршийн Боловсролын Төвтэй хамтран Арвайхээр сумын удирдлагуудыг оролцуулсан уулзалт зохион байгууллаа. Энэхүү уулзалтад Арвайхээр сумын Засаг даргын тамгын газар, Насан туршийн боловсролын төв, Арвайхээр насан туршийн боловсролын төвийн нэгж, ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль, Арвайхээр сумын 5, 6,10,11 дүгээр багийн Засаг дарга нар оролцлоо. Уулзалтын үеэр төсөл хэрэгжүүлэгчид төслийн зорилго, үйл ажиллагааг хамтрагч талуудад танилцуулж, төслийн хүрээнд хийсэн зорилтот бүлгийн бичиг, үсгийн түвшнийг тогтоох судалгааны үр дүнг хуваалцаж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхдийн эцэг эхийн боловсролыг дэмжиж байгаа нь орон нутагтаа шинэлэг бөгөөд анхдагч санаачилга болж байгаагаараа онцлогтой.